Өнөөдөр Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзаддорж, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Э.Шижир, Д.Батжавхлан, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Эрэвгийлхам, С.Уранчимэг, Г.Ганзориг, Ч.Энхболд, Р.Мөнхтуул, Д.Энхтунгалаг, Л.Санжаадорж, Б.Мөнхсоёл нарын 20 хүн, “Кью Эс Си” ХХК, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ.
Шүүхээс "Хохирогч болон өмгөөлөгчийн талаас гаргасан давж заалдах үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзлээ. Хянаж үзэхэд энэхүү хэрэгт холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа найман жилийн өмнөөс явагдсан байна. Ингэхдээ нотлох баримтын цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанууд чамгүй хийгдэж шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг 2023 оны 10 сараас шүүх хүлээн авч нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж байсан байна. Тухайн үед хэргийн оролцогчид болоод шийдвэрлэвэл зохих хүмүүс байхгүй байсан тул тэдгээр хүмүүсийг бүгдийг нь авч ирж байж хамтад нь шийдвэрлэвэл зүйтэй гэж үзсэн.
Тухайн үед эрх бүхий байгууллагаас гадаад руу оргон гарсан улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийг олж авч ирэх ажиллагаа явагдаж байсан. Зарим үр дүн гарсан байсан учир шүүх үүнд найдаж, хамтад нь байлцуулж байж шийдвэрлүүлэх шийдвэрийг гаргаж байсан байна. Гэтэл ямар ч үр дүнд хүрээгүй болох нь тогтоогдсон.
Улмаар үр дүнд хүрээгүй учраас хэргийг тусгаарлах үйлдвэрийг гаргасан. Үүнийг давж заалдах шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь үндсэн хуульд зааснаар хүн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх хуралдаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргах эрхтэй. Гэтэл энэ хүмүүсийг байлцуулахгүйгээр хэрэгт хамтран үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг шийдвэрлэх замаар гэмт буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй. Иймээс шүүх хэргийг буцаах шийдвэр нь зөв байна.
Учир нь энэ хэрэг олон төрлийн үйлдэлтэй хоёр, гурван тусдаа хэрэг боловч нэг яллах дүгнэлттэйгээр ирсэн. Иймд нэг ялах дүгнэлттэй ирсэн хэргийг шүүх заримыг нь шийдээд, заримыг үлдээх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" хэмээсэн юм.
Уг хэргийг эргэн сануулахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг яллагдагчаар татсан байдаг.