1.9 их наядаар барих “Туулын хурдны зам“-ын тендерт БНХАУ-ын 3 компани үнийн санал ирүүлэв

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг тавих ажил энэ дөрвөн сард эхлэх гэж буй.                        

11 жилийн туршид яригдсан ч ажил хэрэг болоогүй "Туулын хурдны зам"-ыг 1.9 их наяд төгрөгөөр тавих тухай тендерийг зарласан. Уг тендерийн энэ онд санхүүжих өртөг нь 538 тэрбум бөгөөд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжихээр тусгасан байдаг.

Тендерт тусгагдсан өртгөөр долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон "чимэгтэй" аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Үүнд:

  1. Газар шорооны ажил
  2. Хиймэл байгууламж
  3. Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
  4. Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
  5. Мэдээлэл холбооны төлөвлөлт
  6. Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судалгаа, авран хамгаалах, малтлагын ажил
  7. Байгаль орчин хамгаалах ажил зэрэг багтаж байгаа аж.

Уг тендерт оролцогчдын материалыг энэ сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авсан бөгөөд дараах гурван газраас оролцох хүсэлт илгээж 1.6-3.5 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлээд байна.

1. 1.6 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлсэн Poly Changda Engineering Co Ltd - БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2024-11-09/-нд бүртгүүлсэн байна.

Тухайн компанийн хувьд өнгөрөгч онд Зам тээврийн яамнаас зарласан “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, НЗДТГ-аас зарлсан "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв гаргах тендерт үнийн санал явуулсан хэдий ч шалгараагүй. Харин энэ онд дээрх тендерээс гадна "Өөдөө тэмүүлэх Монгол" ган татлагат гүүрэн байгууламжийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв гаргах тендерт үнийн санал хүргүүлсэн, хариугаа хүлээж байна.

2. 3.5 их наяд төгрөгийн санал ирүүлсэн Longjian road&bridge Co Ltd - Хөрөнгө оруулалт нь БНХАУ-аас, үйл ажиллагааны чиглэл нь төмөр зам болон авто замын байгууламж барих. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2022-01-25/-нд бүртгүүлсэн байна.

2022 онд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын тендерт 189 тэрбум төгрөгийн үнийн санал хүргүүлсэн ч шалгараагүй байна. Үүнээс хойших гурван жилд Монголд зарлагдсан ямар нэгэн тендерт оролцоогүй бөгөөд энэ онд ганцхан 1.9 их наядын өртөгтэйгөөр зарлагдсан "Туулын хурдны зам"-ын тендерт оролцож 3.5 их наядын үнийн санал хүргүүлээд байна.

3. 1.96 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлсэн Shandong Luqiao Group Co., Ltd - Хөрөнгө оруулалт нь БНХАУ-аас, үйл ажиллагааны чиглэл нь төмөр зам болон авто замын байгууламж барих. Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд /2024-10-22/-нд бүртгүүлжээ.

Уг компанийн хувьд өнгөрөгч онд ямар нэгэн тендерт оролцоогүй бөгөөд 2025 онд Аргалант-Баянцогт сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, 26.7 км, төмөрбетон гүүр барих тендерт 44 тэрбум төгрөгийн үнийн санал хүргүүлсэн ч хасагдсан байна. Одоогоор "Туулын хурдны зам" барих тендерт 1,964,788,799,731 төгрөгийн үнийн санал ирүүлэн, хариугаа хүлээж байгаа аж.

Ерөнхийдөө өмнө нь Манай улсад бүтээн байгуулалт хийж байсан туршлагагүй гурван компани тус тендерт 1.6-3.5 их наяд төгрөгийн үнийн санал ирүүлэн хүч сорьж байна.

- Х.Нямбаатар: Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан-

Эл замыг барих тухай асуудлаар Х.Нямбаатар "2024 оны байдлаар нийслэлчүүд бид түгжрэлд цаг хугацаа, шатахуун зэрэгт нийт 900 сая орчим ам.доллар зарцуулжээ. Энэ байдлаар явбал 2030 онд нэг тэрбум ам.доллар давахаар байна. Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол 2030 онд 5-9 км/цагт хүрэх юм. Тиймээс энэ оноос эхлэн нийслэл хоёрдугаар түвшний замуудаа барина.

Үүний нэг болох хот доторх анхны хурдны замын тендерийг өнөөдөр зарлаж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх авто тээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан" хэмээн мэдэгдээд буй юм.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
88