“Баян“ Р.Базар, “Сахал“ Д.Эрдэнэбилэгийн аргаар ялаас мултрахаар Сингапурт орогнож эхэллээ

Товч агуулга:

  • 300 тэрбумын өртэй Р.Базар шүүхэд хоёр тэрбумын барьцаа өгч, Сингапур гарсан нь үнэн.
  • “Сахал” Д.Эрдэнэбилэгийн кэйс, “Баян” Базраа дээр давтагдав.
  • -Улсад 7 их наядын хохирол учруулсан Д.Эрдэнэбилэг гурван тэрбумын барьцаа тавьж гараад Сингапурт орогнож буй.                                                                                                                                                                       Nehuul.mn

64 тэрбумын хохирол учруулсан гэх "Баян" Р.Базар нар шүүхэд хоёр тэрбумын барьцаа тавиад хил давсан байз болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ үед шүүхээс Р.Базарын гарсан талаар албан хариу өгөөгүй тул түүний гарсан эсэх зөвхөн таамаг байсан.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр, Раднаабазарын Базар нь шүүхэд хоёр тэрбумын барьцаа тавиад хилийн хоригоо цуцлуулсан нь үнэн болж таарав. Мөн хилийн хориггүй болсон Р.Базар Сингапур луу гарсан байна.

Харин хэзээ уг үйл явц болсон нь тодорхойгүй байна.

Хамгийн сүүлд буюу 2025 оны нэгдүгээр сард прокурорын байгууллагаас Р.Базар нарт холбогдох хэргийн талаар тодруулахад,  "Шалгалтыг ажиллагааг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хийгдээд хараахан дуусаагүй байгаа" хэмээж байсан. Тэгэхээр Р.Базар 2025 оны хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхэн буюу сар шинийн өдрүүдэд хилийн хоригоо цуцлуулж Сингапур гарсан байж магадгүй байгаа юм.

Харин шүүхэд нэг, нэг тэрбумын барьцаа тавиад хамт гарсан гэх Р.Базарт хамаарах хэрэгт холбогдсон В.Бат-Эрдэнийн хувьд Р.Базартай хамт гарсан эсэх нь батлагдахгүй байна.


Түүнчлэн Р.Базар нь улс, банк, нийгмийн даатгалд нийтдээ 200-300 тэрбумын өртэй гэх мэдээлэл байна.

Энэ хүртэл олон нийтэд мэдээлснээр түүнийг нийгмийн даатгалд 25.4, Хөгжлийн банканд 78 тэрбумын өртэй гэж дурддаг байсан.

Тодруулбал, “Баян” гэх Р.Базарыг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. 64 тэрбумын үлдэгдэлтэй. Мөн үүсгэн байгуулсан “Бүрдэл майнинг” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс 25.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаах шийдвэр гаргасан байдаг.

Тэгэхээр дээрх 200-300 тэрбум нь мөрдөн шалгах явцад илэрсэн өр, төлбөр байж магадгүй. Ингээд үзвэл нийтдээ 80 гаруй тэрбумын өртэй гэгдэж байсан Р.Базар нь үнэндээ 300 орчим тэрбумын өртэй бөгөөд хэргийн шалгалтын явцад ердөө хоёр тэрбумын барьцаа өгөөд оргон зайлсан болж таарав.


Мөн энэ хэрэг нь хоёр жилийн өмнө болсон “Сахал” Д.Эрдэнэбилэгийн кэйстэй зохиомжилсон юм шиг адилхан болж, Р.Базар хэргээс мултрах нь гарцаагүй болов.

Учир нь улсад Д.Эрдэнэбилэг нь 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр 3 тэрбумын барьцаа тавиад хоёр жилийн турш Сингапурт орогнож буй. Харин Р.Базар нь 300 орчим тэрбумын өрийн асуудалд мөн хоёр тэрбумын барьцаа тавиад Сингапур гарчхаад байна.

Яллагдагч нь байхгүй тул хэргийг шүүх, прокурор буцаадаг жишээг Д.Эрдэнэбилэгийн хэрэг харуулсан. Одоо энэ жишээ Р.Базарын хэрэгт ч давтагдах нь тодорхой.


Р.Базар болон Д.Эрдэнэбилэг нарын хэргийн адил төстэй байдлыг хүргэе.

  • Нэгэн цагт Монголын төр бол тэр гэгдэж байсан Д.Эрдэнэбилэгийг АТГ 2022 оны дөрөвдүгээр сард сүр дуулиантай баривчилж албан газар болон гэрт нь нэгжлэг хийж байв. “Баян” хочит Р.Базарыг ч ялгаагүй АТГ чимээ шуугиантай баривчилж, албан өрөө, гэрт нь нэгжлэг хийсэн.
  • Ингээд тэднийг яг адил сар гаруйн дараа суллаж, шүүхээс нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Улмаар хэрэгт шалгагдаж эхлээд жил орчмын дараа мөн аль аль нь шүүхэд барьцаа тавиад Сингапур луу оргон зайлжээ.

Д.Эрдэнэбилэгийн хэргийн явц, одоо байгаа нөхцөл байдал:

Төрийн өмчийн гол гурван үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдсон Д.Эрдэнэбилэг 2023 оны хоёрдугаар сарын 9-нд 14 хоног эмчлүүлэхээр шүүхэд гурван тэрбум төгрөгийн барьцаа тавьснаар хилийн хоригийг нь цуцуулсан байдаг. Гэвч тэр өнөөдрийг хүртэл буцаж Монголд ирсэнгүй. Улмаар хэрэг нь яллагдагчгүй хэмээн прокуророос хэргийг буцаагаад АТГ-т ирүүлж, мөрдөн байцаалтын шатанд буцсан байдалтай байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувь дээр 4 их наядын хохиролтой, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дээр 2.8 их наядын хохиролтой,  “Цемент шохой үйлдвэр” дээр 300 тэрбумын хохиролтой, нийт 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр 3 тэрбумын барьцаа тавиад алга болчихсон.

Иймд хэргийн хохирогчид болох Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тэдэнд мэдэгдэлгүй Д.Эрдэнэбилэгийн хилийн хоригийг цуцалсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгуулахаар АТГ-т өгсөн. Гэвч энэ асуудалд ч мөн ахиц гараагүй хэвээр байна.

Р.Базарын хэргийг явц, одоо байгаа нөхцөл байдал:

Өнгөрөгч 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр "Баян Базар” гэгддэг Р.Төмөрбазар, "Алтайн хүдэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарын гурван хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж байв.

2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө сонгууль санхүүжүүлэх нь гэж хардаж саатуулсан.Харин сонгуулийн дараа түүнд сайдын суудал "зарсан" байх магадлалтай гэсэн мэдээлэл цацагдсан. ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр Р.Базарын талаар “Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. 64 тэрбумын үлдэгдэлтэй байгаа” гэсэн байдаг. Мөн “Баян” Р.Базарын үүсгэн байгуулсан “Бүрдэл майнинг” ХХК улсад нийгмийн даатгалын шимтгэлийн 25.4 тэрбум төгрөгийг улсад төлөх шүүхийн шийдвэр гарсан.

Гэвч сар гаруй хугацааны дараа буюу 2024.05.18-нд суллаж, шүүхээс нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Улмаар 2025 оны нэгдүгээр сард прокурорын байгууллага "Энэ хэрэгт хэд хэдэн хүн татагдсан. Шалгалтыг ажиллагааг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаагаа хийгдээд хараахан дуусаагүй байгаа" хэмээж байсан. Гэвч үүний дараа Р.Базар шүүхэд барьцаа тавиад Монгол Улсын хилээр гарсан болж таарлаа. Энэ асуудал дээр ямар шүүгч хилийн хоригийг нь цуцалсан. Хохирогч талуудад мэдэгдсэн байсан уу эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.


Дүгнэлт: Шүүгч нь хохирогчид мэдэгдэлгүй яллагдагчийн хилийн хоригийг цуцалж зугтаалгадаг байдал хоёр жилийн өмнө Д.Эрдэнэбилэг дээр гарсан ч өнөөг хүртэл засалгүй явсаар Р.Базарыг мөн зугтаалгаад амжив. Үүгээр шүүх иргэдийг хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэлгүй болгож, АТГ болон мөрдөн байцаах ажиллагаагаа хийдүүлэв. Одоо шүүх энэ хуулийн цоорхойгоор хэрэгтэн бултуулдаг байдлаа засаж, сайжруулахгүй бол улсын хөрөнгийг идээд л гадаад гарчих боломжийг сурталчилж буй газар болж хувирах нь.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
58