Хуучин автобусыг замаскдаж, нааж гагнаад өндөр үнээр оруулж ирж “шахах” гэж байсан Нийслэлийн тухайн үеийн удирдлагууд болох Хотын дарга асан Д.Сумъяабазар, “Түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ өдрүүдэд болж байна.
30 жилийн өмнө ашиглаж байсан гэх хуучин автобусыг нэг бүрийн үнийг нь 400 сая орчим төгрөгөөр тооцож төсвөөс “ЛУЙВАР” хийх гэж байсан нь энэ.
Ногоон автобусны хэргийн “эзэд”-ийг ХАМГААЛАГЧ...
Шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын сайд асан, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар тайлбар мэдүүлэг хэлэхдээ “Сайд болохыг хүсээгүй, надад тохоон томилсон” гэжээ. Өөрөө хүсээгүй байхад нь сайд болгож, сайд нь мэдээгүй байхад “Ногоон автобус” оруулаад ирж, өөрөө мэдээгүй байхад нь сайдын багцад баахан төсөв тавьж гэнэ.
Төрийн сайд хүн ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж. Салбар хариуцсан сайд хүн атлаа хулгайг мэдээгүй байна гэвэл хэн ч итгэхгүй. Үнэндээ энэ хэргийн шүүх хурал олон удаа хойшилсон. Хэн нэгэн хамгаалж, хэн нэгэн “гацаагаад” байгаа гэлтэй. “Хэрэгтнүүд” бүгд хоорондоо холбоотой. Бүр сайдтайгаа.
“НОГООН АВТОБУС”-ны хэрэг эд өндрөө авах үед хууль хяналтын байгууллага, тэр дундаа Хуульзүй, дотоод хэргийн сайд “ЮУ Ч” хийгээгүй. Яагаад ч юм “ногоон автобус”-ны хэргийн “эзэн” Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг хамгаалаад байгаа гэлтэй.
Хэдхэн сарын өмнөхийг сөхвөл тухайн үед Хуульзүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаяр ажиллаж байв. “Шударга” дүр эсгэдэг Б.Энхбаяр яагаад “НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ”-т нүд нь балай, чих нь дүлий мэт дуугүй байсны учир гэвээс Ж.Сүхбаатартай нэг ангийнх, үй зайгүй найзууд аж. Ийм болоод Б.Энхбаяр сайд байсан ч найз Ж.Сүхбаатарт “ял” өгөөд явуулж чадахгүй “гацжээ”.
Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр хоёр МУИС-ийн төгсөгч, Хууль зүйн магистрийн нэг үе. Хамт нэг тэнхимд зургаан жил багшилсан “”зүү орох зайгүй” найзууд.
Иймээс дотны найз нь хэрэгт холбогдоод ял авах дээрээ тулсан энэ үед Б.Энхбаяр найзыгаа хамгаалж авч үлдэх гэж ихэд “хичээж” буй. Сайд байхдаа ч тэр.
Цавчаа ногооны гурвалжин дөрвөлжин хэлхээ…
“Ногоон автобусны хэрэг” гурвалжин, дөрвөлжин. Учир нь Ж.Сүхбаатар Б.Энхбаяртай найзууд, Автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал асан Ч.Батзориг Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын шавь, өнгөрсөн сонгуулиар Ч.Батзориг Б.Энхбаярт есөн иргэн, таван компанийн нэрээр нийт 218 сая төгрөг хандивласан. Ч.Батзориг одоо хотын дарга Х.Нямбаатарын зөвлөх. Б.Энхбаярын сонгуулийн менежерээр Ч.Батзориг ажилласан. Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ч.Батзориг нар “эрх ашиг” нэгтэй хүмүүс.
Өнгөн талдаа ногоон автобусны хэрэгт Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нэртэй хотын удирдлага, сайд тэргүүтнүүд олонд харагдаж буй боловч гол “хор”, “найруулга”-ын ард нуугдсан “дүр эсгэчид” бий.
Манай "шударгын дүр"-т Б.Энхбаяр ч ногоон автобусны хэрэгт "чимээгүйхэн" суугаа нь учиртай. Чухам хэрхэн яаж найзыгаа хамгаалах вэ? цавчаа ногооны хэргээс найз Ж.Сүхбаатараа аварч чадах уу?... л гэдэг байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Дараагийн дугаарт Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ч.Батзориг нарын “сүлжээ”-ний талаар нийтлэх болно.
Төр.мн