Н.Мөнхзул: А.Баяржавхлангийн мэдээллийн мөрөөр дотоод хяналт шалгалтыг шуурхай эхлүүллээ

Nehuul.mnИргэн А.Баяржавхлан цахим орчинд мэдээлэл хийж, 9.3 тэрбумын гэх асуудлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдан хоригдсон А.О-гийн ах гэдгээ хэлсэн. Түүнчлэн, өнөөг хүртэл цагдаагийн алба хаагчид сард 75 сая төгрөг авах байдлаар тэднийг хянаж шалгалгүй явж ирсэн зэрэг ноцтой мэдэгдлүүд хийсэн.                                                                                                                                                                                                                            

Үүнтэй холбогдуулж ЦЕГ-аас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван,

"Сүүлийн дөрвөн жилд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээд байна. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалттай үйлдэгддэг. Иймд гадаад улсаас үйлдэх болсон. Тухайлбал иргэн Э-гийн 35 хүнтэй бүлэглэл бий. Тэднийг үйлдэж байхад нь “Шувуу” ажиллагааны хүрээнд албадан баривчилж Монголд авчирсан. Мөн дахиад 28 хүний бүрэлдэхүүнтэй Г-гийн бүлэглэл байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хоёр этгээд нь цагдан хоригдож байна. Б-гийн бүлэглэл байгаа. Энэ нь өчигдөр орой цахим орчинд мэдэгдэл хийсэн А.Баяржавхлан гэж хүний хамаарал бүхий бөгөөд 18 хүний бүрэлдэхүүнтэй. Мөн гадаадаас үйлдэж байгаа нь үүгээр тодорхой болж байх шиг байна.

Цагдаагийн байгууллага тасралтгүй тэмцэж байгаа.

О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон байгаа. Мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах зэрэг гурван төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

2023 оноос хойш мэдээлэл хийсэн иргэний бүлэглэлд холбогдох, таван иргэний 10 дансыг хязгаарлаж ажилласан байна. Нэг нь Б бөгөөд 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан" гэлээ.

Үүний дараа ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар Н.Мөнхзул,

“А.Баяржавхлан гэх хаягаас өчигдөр ноцтой мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс ажлын хэсэг гаргалаа.

Тухайн иргэн нь "Цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеэр яригдсан мэдээллийн бичлэг" гэх агуулгаар нэгэн бичлэг сонсгосон. Энэ нь бол 2024 оны есдүгээр сард "Хянамгай бай" хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хандан хийсэн мэдээллийн бичлэг болох нь тогтоогдож байна.

Дотоод хяналтын процесс хугацаа шаардана. Тухайн А.Баяржавхлан иргэнээс хууль бус үйлдлийн мэдээлэл байвал ирүүлэх боломжтой гэдгийг хэлмээр байна. Хууль бус үйлдэл хийсэн албан хаагчтай эвлэрэхгүй. Хариуцлагыг тооцуулна. Харьяа байгууллагад нь шилжүүлнэ. Буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хууль ёсны эрх ашгийг хамгаалан ажиллана" гэлээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45