Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь “Ноорог” пэйжид ажилладаг ба төгрөгийн дансуудаар 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын, 7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын баримт тус хийсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлж байв.
Тэгвэл дээрх нэрсүүд дунд дурдагдсан А.О-д шүүхээс нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Шүүх байгууллагын албан мэдээнд, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч А.О-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай хамтран урьдчилан нэгдэж, тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байх тул яллагдагч А.О-д 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.