Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төгрөг нуур”-ын ордыг төрийн эзэмшилд буцаан авахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, “Төгрөг нуурын энержи” компани дахь тус ордын хайгуулын лицензийг цуцалсан байна.
Цуцалсан үндэслэл нь, лиценз эзэмшигч нь ТЭЗҮ, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй гэжээ.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-ыг үндэслэн “Төгрөг нуурын энержи”-гийн зөвшөөрлийг цуцалсан аж.
Үүнээс гадна Засгийн газрын албан мэдээнд, “УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан албан тушаалтан нь тус компанийн хувьцааг эзэмшиж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, лиценз авсан, лицензтэй хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж ашиг олсон, мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар АТГ-аас шалгаж байгаа” гэдгийг дурджээ.
Төв аймагт байрладаг Төгрөг нуурын ордын асуудал хаврын улс төрийн голлох сэдэв болсон.
Нэг талаас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Ухаа худгийн ордын эзэмшил, хувьд шилжсэн процессыг сөхөж байхтай зэрэгцэн ЗГХЭГ-ын дарга асан, өнөөгийн Тэргүүн шадар сайд Н.Учралын зүгээс Төгрөг нуур гэдэг сэдвийг гаргаж тавьсан.
Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шууд нэр заасан юм.
Ингээд Ж.Оджаргалын Ухаа худгийг ярих уу, Х.Баттулгын Төгрөг нуурыг хөндөх үү гэсэн барьцаа улс төрийн тавцанд бий болоод байв.
Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсноос хойш аль аль нь нам жим болсон.
Намрыг угтан Төгрөг нуур дээр ийм шийдвэр гаргав. Үндэслэл нь бол хуулийн хугацаанд өргөдөл гаргаагүй зэрэг бичиг цаасны бүрдүүлбэрийн шинжтэй зөрчил гэж харагдаж байгаа юм.
“Төгрөг нуурын энержи” гэж компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Норовсамбуу 2016 оноос хойш ажиллаж байна.
Харин эцсийн өмчлөгчөөр CAMEX компани бүртгэлтэй. CAMEX-ийн цаана “Экзим кредит” бий нь татан буугдсан. Ерөөс бүртгэл дээрх ганц эзэн бол Боожоогийн Норовсамбуу аж.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд CAMEX-ийг анх 2007 онд байгуулж, “Төгрөг нуурын энержи” ХХК-д хувь эзэмших замаар лицензийг Сингапур, Виржинийн арлууд дахь оффшор схемээр дамжуулан 250 сая ам.доллараар зарсан гэгддэг.
Х.Баттулга өөрөө “Минийх юм бол төрдөө өгье. Ийм зүйл байхгүй” хэмээж байсан удаатай.
Төгрөг нуурын орд бол стратегийн 39 ордын жагсаалтад багтсан.
Ухаа худаг тэргүүтэй стратегийн ордууд дээр ажиллахдаа шаардлагатай бол БЭТ томилно гэж Г.Занданшатар мэдэгдсэн. Харин Төгрөг нуур дээр БЭТ томилсон уу, яаж ажиллав? Хувийн хэвшлийн талтай нь уулзаж ойлголцсон уу? зэрэг асуулт тавигдана.
Нөгөө талаас улс төрийн нөхцөл байдлыг орхих боломжгүй. АН-ын даргын сонгууль ойртож байгаа энэ цаг үед Х.Баттулга руу тавьж байгаа сум мэт харагдах нь илүү тодорхой. Хэрэвзээ үнэхээр стратегийн ордуудад ийнхүү төвлөрч, эр зоригтойгоор ажиллаж эхэлж байгаа нь энэ бол одоо Ж.Оджаргалтай "Ухаа худаг"-ийг, Ц.Нямтайширтай "Цагаан суварга"-ыг авах хэлцлээ хийж эхэлбэл зохилтой. Тэгж байж улс төрөөр биш улс орны эрх ашгаар ажиллаж байгаа гэж ойлгогдоно.





























