Б.Жавхлан сайд 480 тэрбумаар УИХ-ын гишүүдийг “авлигадах“-аар бэлджээ

Nehuul.mnАнх 2019 оны улсын төсөвт УИХ-ын гишүүн бүрт тойргийн бүтээн байгуулалтад зарцуулах нэрээр 5 тэрбумын төсөв тавигдах асуудал ихээхэн шүүмжлэлд өртөж байв. Үүнээс өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахдаа УИХ-ын гишүүн бүрт 1 тэрбумыг ЖДҮХС-гийн зээлээр олгох агуулгаар тохироо хийж, нийгмийн шүүмжлэл үүсгэж байсан удаатай.

Ингэж 1 тэрбумаар УИХ-ын гишүүдийг лоббиддог Засгийн газрын "авлига"-ын шинжтэй үйлдэл гаарсаар 5 тэрбумд хүрч, 2025 он хүртэл төсөвт суусаар ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Сангийн яамыг удирдаж буй Б.Жавхлан сайд уг төсвийг гишүүдийг лоббидох, төсвийн хэлэлцүүлгийн үеэр тэднийг амыг барих хэрэгсэл болгож хэрэглэсээр ирсэн нь үнэн юм.

Б.Жавхлан жил ирэх тусам төсвийн лобби хийхдээ бүр гаршиж, УИХ-ын гишүүдийг Их тэнгэрт хүлээж аван, төслөө танилцуулсны дараа найрлан цэнгэдэг байдал ч нэг төрлийн хэвшил болон тогтоод буй.

Нэгэнт тойрогтоо ажил хийх нэрээр 5 тэрбумын амлалт төсөв хэлэлцэхээс өмнө найрын ширээний ард авчихсан УИХ-ын гишүүд тойргийн хэдэн ажлаа л нягталж хараад, өргөн хүрээний шүүмжлэл өрнүүлэх нь ховордсон.

Харин 2025 оны төсвийн тухай хуульд, УИХ-ын гишүүдийн мэдэлд өгдөг 5 тэрбумыг хассан юм. Учир нь, Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоот хэлбэрт шилжиж, бүсчилсэн агуулгаар хөгжлийн концепцоо тодорхойлж байгаа тул хуучин шигээ 76 гишүүнд 5 тэрбум тараах шаардлагагүй гэж үзсэн юм.

Тэгвэл ирэх 2026 оны төсөвт Б.Жавхлан сайд УИХ-ын гишүүн бүрт 5 тэрбум, бүсчлэлд 15 тэрбумыг хуваарилахаар болж, тойрогтоо хийх ажлынх нь саналыг авч эхэлжээ. УИХ-ын гишүүд уг саналдаа ТЭЗҮ бүхий зураг төсөвтэй ажлуудыг тусгаж санхүүжилтээ авах боломжтой аж. Үүн дээр нэмж, зургаан бүс тус бүр 15 тэрбум төгрөг суулгах амлалтыг ч өгчээ.

Тооцбол, тойргоос сонгогдсон 78 УИХ-ын гишүүн нийт 390 тэрбум, бүсчлэлээрээ нэгдэж 90 тэрбумыг 2026 онд парламентад сууж байгаагийнхаа төлөө авах нь ээ. Нийт дүнгээрээ 480 тэрбумыг үндсэндээ Засгийн газар УИХ-ын гишүүдэд тарааж өгч байна гэсэн үг.

Төрийн мөнгө гэж байхгүй. Уг мөнгийг Б.Жавхлан халааснаасаа гаргаад, УИХ-ын гишүүдэд өгчхөж буй хэрэг ч биш. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдөө бүхий л байдлаар шахан хавчиж, энэ төрлийн хуулиндаа өөрчлөлт оруулахаас эрс татгалзсаар ирсэн Б.Жавхлан тэднээс хурааж авсан мөнгөө Засгийн газрыг хамгаалахад чиглэсэн авлига болгож хэрэглэхийг олон нийт зөвшөөрөх ёсгүй юм.

 


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
153