Наадмын аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, зогсоолын багтаамжийг нэмэгдүүлжээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хэв журмын салбар хорооны дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд мэдээлэл өглөө.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны мэдээллээр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 4500 албан хаагч аюулгүй байдал, хамгаалалтад ажиллана. Энэ жил олон нийтийг хамарсан үйл ажиллагааны аюулгүй байдлыг нэмэгдүүлж, Металл илрүүлэгч төхөөрөмж ашиглан зарим төрлийн овор хэмжээтэй тээш, цүнх зэрэг эд зүйлсийг шалгаж, талбайд нэвтрүүлэх зохицуулалт хийхээр болжээ.
Хүй 7 худагт мөн ижил төрлийн шалгалт явагдах бөгөөд морьдын уралдаан үзэх, хөдөө орон нутаг руу хотоос гарах хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна. Өмнөх жилүүдэд үүсдэг түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч байгаа аж.
Зогсоолын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд 1500 автомашины зогсоолыг гаргаж, Хүй 7 худагт өмнө жилийн 4000 автомашины багтаамжтай зогсоолыг энэ жил 8000 болгож өргөтгөн ажиллаж байна.