Сонин шүү...
Тэр маш эрүүл, алкогол хэрэглэдэггүй, илүүдэл жингүй, цагийг ягштал баримтална. Цэвэрч нямбай байдал, цэх нуруу, эрүүл чийрэг, тэмүүлсэн хурдан алхаа нь түүнийг гадаад имиж бөгөөд гаднаас нь хараад насыг нь баримжаалахад төвөг учруулна. Бас тархи толгой нь маш хурц ажиллана, стандарт бусаар сэтгэнэ, өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэддэг, түүнийгээ илэрхийлэхгүй байж чаддаггүй. Аливаад соргог, сонор. Айдас хүйдэс, элдэв комплексгүй, амьдралын баяр баясгалантай, өөдрөг, гэгээлэг... Энэ бүхэн нь нийлж цогцлохоороо зарим хүнд сэтгэлгээний хувьд цоо эрүүл хэвийн хүн биш шиг харагдаж ч мэдэхээр.
Яриа өрнөөд ид халуун, маш сонирхолтой дээрээ явж байхад цаг руугаа харснаа гэнэт таслаад "За түр байж байгаарай, би ээж рүүгээ ярих хэрэгтэй байна!" гээд ээжтэйгээ ярина. Их л чухал яриатай юм байна даа гэж бодохоор "Сайн уу ээж? Дажгүй юу, би зүгээр ээ..." гэхчлэн жижүүрийн үг солиод "За баяртай ээж ээ" гэчихээд яриагаа хэвийн үргэлжлүүлнэ. Ээж рүүгээ ярих тогтсон цагтай, хэзээ ч түүнийгээ цалгардуулдаггүй байж.
Хүүгээ ярихгүй болохоор ээж нь гайхахын ихээр гайхаж "Энэ яг л нэг юм боллоо" гээд гэрт нь иртэл... гурван давхар цоожоороо бүгдийг нь байнга цоожлохоо хэзээд мартдаггүй нямбай хүүгийн нь гэрийн хаалга цоожлоогүй зүгээр л хаалттай байсан гэнэ. Түлхээд ортол хүү нь нас барсан байж.
Энд нэг л юм болсон байж таарна, юу юм бол оо...
С.Зоригийн аллагын талаар захиалагч болон гүйцэтгэгчийг мэдэж байгаа юм шиг ярихаасаа нээг их эмээдэггүй, "Ойр тойрноос нь л эзнийг нь хайх хэрэгтэй. Булгантай хэн ойр байсан бэ..." гэхчлэн ил тод ярьдаг түүний үхэл С.Зоригийн хэргээр нийгэм, сонгууль амьсгалсан тэр үетэй давхцсан нь тохиолдлын хэрэг мөн үү...
Марталгүй санаж л байя даа!
Ингэхэд С.Зоригийн хэрэг сонгуулийн шоу биш байсан байлгүй, удахгүй гүйцээх байлгүй дээ энэ Засгийн газар...
Гүйцээх ч гэж дээ, бараг гүйцээчихсэн шиг билээ. Зарлах биз дээ! 2024.07.04 Uynga Gantumur





























