МАН: Ж.Эрдэнэбатыг илтэд хууль зөрчин, хорьж саатууллаа

ИРГЭДИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХЭД ХАЛДСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

МАН-ын Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.АМАРБАТ:

-УИХ-ын 13-р тойрогт нэр дэвшиж буй Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байгаагүй. Учир нь УИХ-ын тухай хууль заасны дагуу тухайн нэр дэвшигчийн УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хадгалагдаж байгаа хэвээр. Монгол Улсын сонгуулийн тухай хуульд заасанчлан нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нэр дэвшигчид үйл ажиллагааны баталгааг олгосон. Энэ баталгаа хэвээр үргэлжилж буй нөхцөлд шүүхээс эргэлзээтэй, хардлага дагуулсан шийдвэр гаргасан нь тухайн тойргийн иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдсан үйл ажиллагаа болж байна.

НӨЛӨӨНД АВТСАН ШҮҮГЧ НАР УИХ, МОНГОЛЫН ТӨРТ ЁС, ХУУЛЬ, УЛАМЖЛАЛД ДАЙН ЗАРЛАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-УИХ-ын гишүүн, нэр дэвшиж буй хүнийг албадан саатуулна гэдэг бол тухайн хүн, намын асуудал биш юм. Энэ шийдвэр зөвхөн сонгуулийн асуудал биш. Энэ бол Монголд цаашдаа хууль журам хэрэгжих үү, шүүх нь хуулиа дагах юм уу, төрийн эрх мэдэл ард түмний гарт байх уу, нөлөөнд автсан хэдэн шүүгч нарын гарт байх уу гэдэгтээ тулж ирээд байна. Энэ асуудал бидний орших уу, эс орших уу гэдэгт хамааралтай юм. Үүнийг иргэд сайн бодож тунгаагаарай.

Хуульд УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрх эдэлнэ, үүнийг хуулиар хязгаарлана гэж бий. Мөн УИХ-ын гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулахыг хориглоно. Түүнчлэн гэр, албан өрөө тээврийн хэрэгсэлд үзлэг нэгжлэг хийхийг хориглоно гэж бий. УИХ-ын зөвшөөрлийг авч дээрх үйл ажиллагааг хийх ёстой юм.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12